АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.  Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч нартай холбоотой авлигын хэрэг 2015-2016 онд үйлдэгдсэн ба өнгөрсөн оны нэгдүгээр сард шүүхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, гаалийн улсын ахлах байцаагч нарын 34 хүн давтан үйлдлээр авлига авсан нь тогтоогдсон ба 2-6 жилийн ял авчээ. АТГ-аас мэргэжилтнүүд шалгалт хийх үед улсын байцаагч нар хахуульд авсан мөнгөө нуун далдлах зорилгоор ор, агааржуулагчийн ард нуусан байна. 

Жишээлбэл, ганцхан удаагийн үйлдлээр Хятадаас импортоор оруулж буй 90 тонн ачааг хилээр хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлснийхээ хариуд 4.5 сая төгрөгийг хахуульд авчээ. Гэвч 90 тонн ачааг шалгаж үзэхэд улсад 28.2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан аж. 

Үүнээс үүдэн хүнсний аюулгүй байдал алдагдаж, элдэв өвчлөл нэмэгдэх, хар тамхи хилээр орж ирэх шалтгаан болж байгаа гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хэллээ. 

АТГ хэвлэлийн хурал

Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.

Posted by Авлигатай Тэмцэх Газар on Monday, September 9, 2019

Сүүлийн гурван жилд АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол ирсэн ба 42 эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн байна. 

Сануулбал, долдугаар сарын 29-нд МХЕГ-ын ажилтан болон Автотээврийн үндэсний төвийн хэлтсийн даргатай холбоотой авлигын хэргийн бичлэгийг нийтэд дэлгэсэн юм. Тухайлбал, МХЕГ-ын ажилтнууд олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар нийт нэг тэрбум төгрөгийг авлигад авсан тогтоогдсон юм. 

Мөн Автотээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр нь Эрдэнэс тээвэр ХХК-ий ачааны машинд тусгай зөвшөөрөл олгох замаар 57.5 сая төгрөгийн хахууль авсан байна.