Монгол дахь Энхтайвны корпусын орон хариуцсан захирал Жин Никсоны манай улс дахь албан томилолт дуусаж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд түүнд талархал илэрхийллээ.

Энэ үеэр Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, сурагчдад англи хэлний хичээл заах, спортын багш дасгалжуулагч солилцох зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахыг хүслээ.

Жин Никсон Монголд ажилласан он жилүүд нь үр дүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, сайн дурын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Америкийн Энхтайвны корпус нь өнгөрсөн 29 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж манай улсын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулжээ. Монголд анх 1990 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, энэ хугацаандаа 1300 гаруй сайн дурын ажилтан манай улсын өнцөг булан бүрт ажилласан байна.

Тус корпусыг Америкийн ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд байгуулсан бөгөөд дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шилдэг Америкчуудыг сайн дурын ажилтнаар  илгээж, ажиллуулдаг байгууллага юм.