Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хятадын гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын хоёрны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр боллоо.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Айлчлалын хүрээнд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Хятадын дэд дарга Ван Чишань, Худалдааны сайд Жун Шань нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох гэнэ.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И манай улсад наймдугаар сард айлчилсан юм. Айлчлалынхаа хүрээнд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр хоёр орны худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхээр болжээ. Мөн Ван И Шинэ цэвэрлэх байгууламжийн нээлтэд оролцсон юм.