Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Францын Европ болон гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дрианы урилгаар Даваа гарагаас эхлэн албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Францын хамтын ажиллагаа, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг зэрэг хоорондын харилцааг иж бүрэн түншлэлд хүргэх тухай хэлэлцэж, замын зураглал гаргахаар тохиролцлоо.

Францын талаас сэргээгдэх эрчим хүч уул уурхай, хотын нийтийн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг онцлоод цаашид сансар судлалын салбарт эрчимтэй ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

Харин манай улс Францтай ХАА-ын хамтын ажиллагаа, малын эрүүл мэнд болоод мал аж ажуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, гуравдагч зах зээлд экспортлох тал дээр хамтран ажиллахаар болжээ.

Мөн Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Францын Thales, Еurotradia, CIS, Atermes зэрэг томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх талаар хэлэлцжээ.

Д.Цогтбаатар айчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн дэд захирал Синг Цюйтай уулзаж, хамтын ажиллагаа тус байгууллагад ажилладаг Монгол ажилтны тоог нэмэх асуудлаар санал солилцсон байна.

Энэ үеэр дэлхийн энхтайван руу чиглэсэн олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээний бага хурлыг 2019 онд манай улсад зохиох болсныг мэдэгдлээ.

Сануулахад манай улс Францтай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон байна.