Манай улс шатахуунаа 100 хувь импортоор авдгаас үүдэн гадаад зах зээл шатахууны үнэд нэмэгдэхэд нөлөөлсөн гэлээ.

“Дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаа хамгийн өндөр буюу 80 долларт хүрсэн нь Оросын хилийн үнэд нөлөөлсөн. Мөн шатахуун импортлогчид доллароор арилжаа хийдэг тул долларын өсөлт Оросоос нийлүүлж буй хилийн үнэд нөлөөлсөн” гэж АМГТГ-аас мэдэгдлээ.

Манай улсын шатахууны жижиглэнгийн үнийн бүтцэд Оросоос оруулж буй хилийн үнэ, хилийн татвар, компанийн үйл ажиллагаа, тээврийн зардал ордог байна. Тухайлбал, өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнийн 70 орчим хувийг Оросын хилийн үнэ, 13 хувийг татвар, 13 хувийг компанийн үйл ажиллагааны зардал нэг орчим хувийг тээврийн зардал эзэлдэг гэлээ.

Үүгээр тооцоход иргэдэд нийлүүлэгдэж байгаа АИ-92 бензиний үнэ 1900 гаран төгрөг болж байгаа гэж АМГТГ-аас танилцууллаа.

Гэхдээ тус газраас шатахуун үнийг тогтворжуулах тал дээр тодорхой арга хэмжээ авч байгаа ба одоогоор улсын хэмжээнд дунджаар 37 хоногийн өргөн хэрэглээний шатахууны нөөц байгаа гэнэ.

“Газрын тос боловсруулах үйлдвэр баригдах хүртэл Роснефттэй хамтран ажиллах эхний шатны ажил хийгдэж байгаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурахад импортлогчид дагаж үнээ бууруул гэсэн үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа” гэж Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэллээ.

Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ сумд шинээр газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн юм. Одоогоор дэд бүтцийн ажил 30 хувьтай явагдаж байгаа ба ирэх зургадугаар сард уг ажил бүрэн дуусч, 2023 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.