Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Солонгос, Япон, Итали, Хятад, Иран зэрэг таван улсаас ирсэн Монгол иргэд 14 хоног тусгаарлагдсан зардлаа өөрсдөө төлөх ёстой юм. Гэвч тусгаарлагдсан зарим иргэд зардлаа төлөхгүй гэх асуудлыг өдөр бүр гаргаж байгаа гэнэ. 

ЭМЯ-ны мэдээлснээр Берлин-Москвагийн өнөөдрийн нислэгээр 82 иргэн ирснээс Японд зорчсон хоёр иргэнийг тусгаарласан байна. Мөн Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 96 зорчигчоос зургааг нь ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад зургаан иргэнийг авчээ. 

Үүнээс гадна Монголын 120 гаруй иргэн Солонгосын ЭСЯ-нд нутаг руугаа ирэх өргөдлөө өгсөн байна. Одоогоор 3000 гаруй зорчигч гуравдугаар сард Монгол руу зорчих билетээ бичүүлжээ. 

ЭМЯ-аас өвчлөл гарсан бүс нутагт аялахгүй байхыг уриалж, гараа угаах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөсөн юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэд гараа угаах зөвлөмжийг биелүүлснээр бохир гараар дамжих халдварт өвчин 2-3.5 дахин буурчээ.