Гадаадад сурах гэж байгаа бол семистерийн төлбөртөө санаа зовохын оронд хэрхэн хөгжилтэй байх вэ гэдгээ бодох нь чухал. Гэвч 100 хувийн тэтгэлэг авахаас нааш гадаадад үнэгүй сурна гэдэг бараг л боломжгүй учир хэрхэн зардлаа хэмнэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг хай

Сургуулийн байршил, салбар, олон улсын хөтөлбөрөөс шалтгаалсан олон тэтгэлэг байдаг. Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргахын тулд хайлтын систем ашиглах нь илүү хялбар. Үүнээс өмнө өөрийн сургуулиасаа гадаадад суралцагчдад өгдөг санхүүгийн тусламж байгаа эсэхийг асуугаарай. Мөн өөрийн тань сонгосон мэргэжилд тэтгэлэг өгдөг байгууллага байдаг эсэхийг судлах хэрэгтэй.

Өөрт тохирсон хөтөлбөрийг сонгох

Таны сургууль гадаадад сургах хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг дотоодын сургуулийн төлбөрөөр гадаадад сурах боломж олгодог байж болно. Мөн амьдралын өртөг хямд гаразр сурах, тансаг хэрэглээнээс татгалзах зэрэг аргуудыг ашиглан хэмнэх боломжтой. Үүнээс гадна нэг семистерийн болон зуны сургалтын хөтөлбөрт хамрагдаж болох юм.

Тэтгэлэгт ямар хөнгөлөлт багтсаныг анхаарах

Тэтгэлгүүдийн танд олгох хөнгөлөлт, боломжуудыг харьцуулж үзээрэй. Ингэснээр сургалтын төлбөрөөс гадна байр, хоол, эрүүл мэндийн даатгал, явган аялал зэргийн зардлыг багтаасан тэтгэлэг сонгоход тус болно.

Явахаасаа өмнө бэлтгэлээ ханга

Банк руу залгаад хэзээ гадагшаа явах гэж байгаагаа мэдэгд. Мөн кредит карт чинь олон улсын төлбөрөөс суутгадаггүй байх ёстой ба хэрэв суутгаж байвал өөр картаар солиулаарай. Бас авч явах бэлэн мөнгөний хязгаарыг тогтоосноор зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ л мөнгө зарцуулж болох юм. Үүнээс гадна ачаагаа баглахдаа олон төрлийн хувцас авч явах хэрэгтэй ба ингэснээр цаг агаарын ямар ч нөхцөлд шинэ хувцас худалдаж авах шаардлагагүй болно.

Ухаалгаар зорч

Зорьж буй газартаа очихдоо хямдралтай нислэгийг сонгох хэрэгтэй. Үүний тулд Airfarewatchdog, Skyscanner зэрэг сайтуудыг ашиглан явахаасаа 50-100 өдрийн өмнө нислэгээ сонгох нь оновчтой юм. Мягмар гарагийн 15:00 цаг бол нислэгээ сонгоход хамгийн тохиромжтой цаг гэнэ. Мөн сурах гэж буй хотоо судалснаар амралтын өдөр бүр онгоц, галт тэргээр зугаалах биш тухайн хотдоо аялах боломжтой. Хэрэв жижиг хотод сурч байгаа бол ажлын өдрүүдэд өөр хот руу зорчих нь илүү хямд байдаг гэнэ.

Нутгийн иргэн шиг амьдар

Гадаадад сурч байгаа бол жуулчин шиг орой бүр гадуур хооллож мөнгө үрэх хэрэггүй. Үүний оронд дэлгүүрээс хоолны материал цуглуулаад гэртээ хоол хийж ид. Эсвэл нутгийн оюутнуудаас хаана хямд хооллож болох талаар асуу. Ингэснээр шинэ найз нөхөд, хоолны жор, газартай танилцаж чадна. Мэдээж нийтийн тээвэр бол хамгийн хямд унаа хэдий ч алхахад ямар ч мөнгө үрэхгүй. Гэхдээ хамгийн аюулгүй гэсэн тээврийг сонгон зорчих нь чухал юм.

Оюутны хөнгөлөлт эдэл

Дэлхийн 130 гаруй орон гадаад оюутнуудад Олон улсын оюутны үнэмлэх олгодог. Үүгээр нийтийн тээвэр, музей, зочид буудал, номын дэлгүүрт хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн нутгийн уугуул оюутнуудаас хаана уулзалддаг, оюутнууд ямар хөнгөлөлт эдэлдэг талаар асуухаас битгий татгалзаарай.

Эх сурвалж: Goabroad