Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг 10 хоног Баянзүрхийн товчооноос Богд уулын зам руу эргэх хэсгийг гурав хоног хаахаар болсон юм. Мөн Яармагийн гүүрийн замыг есдүгээр сарын 15-аас хэсэгчлэн хаах юм.

Үүнтэй холбоотойгоор замын түгжрэл эрс нэмэгдэх тул гадаад руу нислэг хийж буй иргэд 1-2 цагийн өмнө гарахыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра санууллаа.

Мөн Баянзүрхийн товчооны наагуур эргээд төмөр замын гармын хойд замаар зорчуулах түр зам гаргахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд нийтийн тээврийн автобусууд Богд уулын замаар богино эргэлтээр явж, товчооны наад хэсэгт зогсох юм байна.

Харин зүүн чиглэлээс ирж буй орон нутгийн тээврүүдийг Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын 4-р зөрлөгөөр дайран Төв аймгийн замаар хот руу нэвтрүүлэхээр болжээ.

Сануулбал, Баянзүрхийн товчоо орчмын зам их хэмжээний эвдрэлтэйгээс үүдэн 4-5 км газарт түгжрэл үүсдэг байна. Иймд тус замыг өргөтгөж, шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.