Гадны хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Invest in Mongolia Center нэгдсэн үйлчилгээний төвийн нээлт боллоо.

Нээлтэд гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож үг хэллээ. Тэрээр “Гадны хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх институцийн тогтворгүй байдлаас үүдэн хүндрэл учирдаг байсан бол цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах энэхүү төв нь хөрөнгө оруулалтыг дэмжихэд тодорхой ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уг нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүй, татварын орчны талаар мэдээлэл зөвлөгөө авах гэнэ. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад тулгарсан бэрхшээл гомдлыг хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэл, лавлагаа, визийн зөвшөөрөл олгох, сунгалт хийх, нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Өмнө нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэд хэдэн удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, нэрээ сольж байжээ.

Дашрамд дурдахад, манай улс хөрөнгө оруулагчдын адил тэгш байх зарчмыг баримталж 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан байна.