Гадаадын иргэн харьяатын газраас хууль бус оршин суугчидтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 28268 гадаадын иргэн оршин сууж байгаагийн 20.111 хүн нь Улаанбаатарт ажиллаж, амьдарч байна. Мөн холимог гэр бүлээс төрсөн 18 хүртэлх насны 2695 хүүхэд байгаа бөгөөд цагаач болон харьяалалгүй 1927 иргэн байна. 

Гадаадын иргэн харьяатын газраас 36 орны 10292 иргэний бичиг баримтад шалгалт хийжээ. Шалгалтаар визний хугацаа хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил илэрсэн байна. 

Мөн аяллын визээр ирсэн хүмүүс хөдөлмөр эрхлэх зөрчил их байгаа ба зам гүүр барих зөвшөөрлөөр орж ирсэн хүмүүс махны үйлдвэрт ажиллаж байжээ. Тухайлбал, энэ сарын хоёронд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн Хятадын 41 иргэнийг албадан гаргаж, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүй ажилласан Хятадын 102 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалсан юм. 

Түүнчлэн энэ сарын найманд оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, зөвшөөрөлд заагдсан ААН-с өөр газарт ажиллаж байсан Хятадын 12 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалжээ.

Гадаадын иргэнд виз олгох явдал өмнөх оноос найман хувиар өссөн ба 30 хоног доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгодог байна. Үүнээс гадна 39 орны гурван мянга орчим оюутан манай улсад суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрмонгол байгаа юм. 

Манай улсад оршин сууж байгаа 28268 гадаадын иргэдийг 9929 нь хөдөлмөр эрхэлж байна.