Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд энэ сарын таван буюу шинийн нэгнээс эхлэн өнөөдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна. Мөн нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас БЗД-т нэг иргэн нас барсан тохиолдол гарчээ.

Энэ мэт баяр ёслолоор иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүдэн хамгийн их ахуйн гал түймэр гардаг байна. Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын нийт 10.626 алба хаагч давхардсан тоогоор 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техниктэй үүрэг гүйцэтгэсэн байна.

Ийнхүү баярын өдрүүдэд ахуйн шинжтэй аюул осол нэмэгдсэн ч цаг агаар болон байгалийн аюулт үзэгдэл бага байжээ. Хэдийгээр баярын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрсэн ч салхи шуурганд уруудсан, төөрсөн, цасанд боогдсон зэрэг цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлага өмнөх жилүүдээс буурчээ.