Нийслэлийн онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын гүйцэтгэлийн шалгалтыг энэ сарын найман хүртэл зохион байгууллаа.

Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 66 объект хамрагдсан ба галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 406 зөрчил илрүүлсэн байна.

Эдгээр зөрчлийн 25.2 хувийг газар дээр нь арилгуулж, 95 зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин биелэлтийг хангуулахаар болжээ.

Мөн хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлын талаар заавар, зөвлөгөөг өгсөн байна.

Сануулбал, өнгөрсөн сард гал түймрээс сэргийлэх төлөвлөгөөт шалгалтад 80 объектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ.