Бид тоймлоё, Та унш

2019.04.16 Мягмар                                              19°C 2,631.77  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


УБ-ын хуурайшилт аюултай байдалд хүрчээ

Хуурайшилт 3-р зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай хэмжээнд хүрсэн учир гал түймрийн аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна. Он гарсаар өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн тохиолдол гарчээ.   

Зуслангийн байшингууд толгой дараалан шатав

Энэ сарын 13-нд Богд уулын Богинын ам, 14-нд Гоодойн ам, 15-нд Шадивланд түймэр гарч олон айлын зуслангийн байшин шатсан юм. Тухайлбал, Гоодойн аманд 23 байшин, 1 монгол гэр, 1 жижиг амбаар, Шадивланд 6 байшин шатжээ. Түймэр ийнхүү газар авсан нь зуслангийн байшингууд эзгүй байсантай холбоотой ба шар өвс шатаасны улмаас Богд ууланд түймэр гарсан бол Гоодойн амных гагнуур хийж байгаад цог үсэрснээс болжээ.

Түймрээс хэрхэн сэргийлэх вэ?

Гэр, байшин, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татаж, гал унтраах багаж хэрэгслийг бэлэн байлгах нь зүйтэй. Мөн асаасан гал, шүдэнз, тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг анхааруулж байна. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье!


Зах зээлийн үнээс хямд мах худалдаалж эхэллээ

ЗГ-ын тогтоолын дагуу хаврын хүнсний хэрэгцээнд зориулан 4000 тн мах бэлтгэжээ. Тус мах нь 2, 3 кг савлагаатай ба үхрийн ястай мах ₮7200, хонины ястай мах ₮6000, ямааны ястай махыг ₮5500-аар худалдаалж байна. Савласан махыг 6 дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрт жижиглэнгийн үнээс 14-31%-р хямдаар худалдаж байгаа юм. Статистикийн газрын мэдээлснээр мах ₮6-11 мянгын үнэтэй байгаа ба ийнхүү үнэ өссөн нь нөөцийн махаа хангалттай бэлтгэж чадаагүй, экспортоор мах гаргаж байгаатай холбоотой гэнэ.


ЖДҮ-ийн эргэн тойронд

АТГ-аас ЖДҮ-г шалгах ажиллагааны хүрээнд 11 иргэн, ААН-ийн ₮11.1 гаруй тэрбумыг битүүмжилж, ₮5.5 тэрбумыг нь буцаан төлүүлсэн байна. Мөн хамаарал бүхий компанидаа зээл авсан төрийн 9 албан тушаалтныг яллагдчаар татсаны 3 нь эрүүгийн шинжтэй нь нотлогдсон тул тусгаарлан шийдвэрлэх хүсэлтээ Прокурорт хүргүүлжээ. Харин улс төрийн албан тушаалтантай холбоогүй, зээлээ зориулалтаар ашигласан 50 гаруй ААН, тойрогтоо дэмжих бичиг хийж өгсөн 18 гишүүн болон дэмжүүлсэн компаний хэргийг хаах хүсэлт гаргажээ.


Боинг 737 Max 8 онгоцны хоригийг сунгалаа

Боинг компани 737 Max 8 онгоцны ослын шалтгаан болсон хурд тогтворжуулах системийг шинэчилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Америкийн нислэгийн удирдлагын газар Боинг 737 Max 8 онгоцны хоригийг 8 сар хүртэл сунгалаа. Хурд тогтворжуулах системийг шинэчилж дууссаны дараа Америкийн нислэгийн удирдлагын газар шалгаж баталснаар тус онгоц нислэг үйлдэж эхлэх юм. Боинг 737 Max 8 онгоц 10 болон 3 сард осолдож 300 гаруй хүн нас барснаас болж дэлхий даяар нислэг үйлдэхийг хориглоод байна.


Непалд PUBG-г хориглолоо

PUBG тоглоом өсвөр үе болон бага насны хүүхдийг донтуулж сэтгэцэд нь нөлөөлж байна гэх эцэг эхчүүдийн гомдлын дагуу ЗГ нь уг шийдвэрийг гаргажээ. Ингэснээр интернет компаниуд тоглоомыг серверээсээ хааж байгаа ба PUBG тоглосон хүмүүсийг цагдаа нар баривчлах юм. Энэхүү тоглоомыг Энэтхэг, Хятадад мөн хориглосон ба Энэтхэгт PUBG-ээс болж 2 хүүхэд амиа хорложээ.

Таны сонорт


Related image Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр