Цүнхэнд нь байсан Галакси Note 9 утаснаас гал гарсан хэргээр Нью-Йоркийн иргэн Диане Чун Самсунг компанийг Нью-Йорк хотын дээд шүүхэд өгчээ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн мэргэжилтэй тэрээр энэ сарын гурванд цахилгаан шатанд утсаа оролдож байгаад маш халуун болох үед нь цүнхэндээ хийжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа цүнхнээс нь утаа гарч байгааг анзаарсан байна.

Тэрээр сандарч цүнхнээсээ шатаж буй утсаа гаргах гэж оролдож байгаад гараа түлсэн бөгөөд цахилгаан шатны хаалга онгойход утсаа гаргаж шидсэн байна. Улмаар дээрээс нь хувцсаараа дарж савтай ус асгаснаар гал нь унтарсан гэж мэдүүлэгтээ ярьжээ.

Үүний хариуд Самсунг компаний гүйцэтгэх захирал Го Дон Жин “Note 9 утас батерейний аюулгүй байдлыг шалгах олон давхар технологитой бөгөөд гал гарах учиргүй” гэсэн байна.

Өмнө нь Самсунг компаний Note 7 загварын утас дэлбэрсний улмаас 2016 онд 2.5 сая утсыг зах зээлээс татсан юм.

Эх сурвалж: Cnet, Indian Express