Нийгэм
Галт тэрэгний ослоор 88 хүн шархдаж, 2 хүний биеийн байдал хүнд байна
Улаанбаатар Сайншанд чиглэлийн галт тэрэг үеийн улмаас Дорноговь аймагт өнөөдөр үүрээр осолдсон юм.

Дорноговь аймгийн Айраг өртөөний 300 метр орчим газар үерч автсны улмаас төмөр замын суурь бүтэц эвдэрч, 328 зорчигч бүхий суудлын галт тэрэг 04:50 цаг орчимд замаас гарч осолдсон юм. Галт тэрэгний нэг зүтгүүр, тээшний хоёр, зорчигчийн гурван вагон замаас гарчээ.
Албаныхны мэдээлж буйгаар 88 зорчигчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ба одоогийн байдлаар хоёр иргэний биеийн байдал хүнд байна гэлээ. Үерийн улмаас эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг холбогдох албаныхан хийж байгаа ба Орос улсаас техникийн тусламж ирж байгаа аж.
Биеийн байдал хүнд байгаа хоёр иргэний нэг нь 48 настай эмэгтэй, олон хавирга хугарсан, элэгний дээд хэсэгт шингэн хуримтлагдсан гэж үзсэн учир Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэс заслын баг ослын газар руу гарчээ. Шаардлагатай бол мэс засал хийнэ гэж Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл хэллээ.
Хоёр дахь иргэн нь 54 настай эмэгтэй. Түүний толгой дээр юм унасан учир тархиндаа гэмтэл авсан гэж үзэж байна. Тиймээс биеийн байдлыг тогтворжуулаад Гэмтлийн эмнэлэг рүү авчирч байна гэлээ.
Сэтгэгдэл бичих
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

Pingback: 2018 оны онцлох үйл явдлын ТОЙМ - Өдрийн Тойм