Галт зэвсгийн тооллого явуулах журамд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг энэ сарын 20-оос эхлэн 11 сарын дөрвөн хүртэл зохион байгуулж байна.

Иймд галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа цагдаагийн байгууллагад бүртгүүлэхийг уриаллаа.

Бүртгүүлэхдээ харьяа цагдаагийн байгууллагад өөрийн биеэр иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт галт зэвсгийн гэрчилгээ (хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээ), галт зэвсгийг биетээр нь авчрах ёстой байна.

Мөн галт зэвсэгтэй адилтгагдах хэрэгсэл буюу нумт буу, хавчаахай, хийн болон, резинэн сумтай буу зэргийг бүртгүүлэх шаардлагатай.

Галт зэвсгийн тооллогод 2016 онд 70.6 хувь, 2017 онд 78.1 хувь, 2018 онд 94.7 хувь нь байгаа юм. Хэрэв заасан хугацаанд галт зэвсгээ бүртгүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас анхаарууллаа. Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд дараах материалыг бүрдүүлнэ.

Галт зэвсэг худалдаж байгаа болон худалдаж авсан хоёр тал:

  • Галт зэвсгийг шилжүүлэн бүртгэхийг хүссэн өргөдөл. /Нийслэлийн цагдаагийн удирдах газарт/
  • Худалдах, худалдан авах; Бэлэглэлийн; Өвлөлийн гэрээ  хийж нотариатаар баталгаажуулсан байна. /Гэрээнд хоёр талын иргэний үнэмлэх болон галт зэвсгийн гэрчилгээ давхар батлагдсан байх/

Галт зэвсэг худалдаж байгаа иргэн, байгууллага:

  • Галт зэвсгээ харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад жил бүр бүртгүүлсэн, татвар төлсөн тэмдэглэгээ хийлгэсэн байх. /гэрчилгээний 14, 15-р хуудас/
  • Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг даруулсан байх.

Галт зэвсэг худалдан авч буй иргэн:

  • 2*3 хэмжээний зураг гурван хувь /одоогийн үеийн/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  • Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 95147102, 93024600/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00, Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх /галт зэвсгийг хоёр ширхэг сум, иргэний үнэмлэхийн хамт авч очно/
  • Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг тушаасан баримт /ЧД-ийн татварын хэлтэст очиж код авч, дурын банканд тушаана /