Галт зэвсгийн хуулийн дагуу иргэн хуулийн этгээдийн өмчлөлд буй галт зэвсгийн тооллогыг жил бүр явуулдаг бөгөөд энэ удаагийн тооллого 12 сарын 12 хүртэл явагдана.

Энэ хугацаанд иргэд бүртгүүлээгүй байсан галт зэвсгээ ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүйгээр бүртгүүлэх боломжтой гэнэ. Бүртгүүлэхдээ харьяа цагдаагийн байгууллагад өөрийн биеэр иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт галт зэвсгийн гэрчилгээ (хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээ), галт зэвсгийг биетээр нь авчрах ёстой байна.

Үүнээс гадна галт зэвсэгтэй адилтгагдах хэрэгсэл буюу нумт буу, хавчаахай, хийн болон, резинэн сумтай буу зэргийг бүртгүүлэх ёстой бөгөөд цахим орчин, зах худалдааны төвд галт зэвсэг, сум худалдах, авахгүй байж, ийм тохиолдлыг цагдаагийн байгууллагад мэдээлэхийг анхаарууллаа.

Үүний дараа Тээврийн цагдаагийн албанаас ирэх сарын нэгнээс мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгатай холбоотой мэдээлэл хийж, иргэдийг хуультай нэг бүрчлэн танилцахыг уриаллаа. Ингэхдээ Legаlinfo.mn болон асууж тодруулах зүйлээ Тээврийн цагдаагийн газраас лавлах боломжтой байна.

Мөн иргэд хүсвэл дүрмийн талаар сургалт зөвлөгөө мэдээллийг тус газарт очин өөрийн биеэр авах боломжтой гэлээ. Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмд 60 гаруй төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд үүнд зөвлөмж бүхий заалтууд ч байгаа юм.

Дүрмийн шинэчлэлттэй холбоотой замын шар тэмдэглэгээг уулзваруудад хийж байгаа ба үүнд хяналтын камер суурилуулах юм. Цаашдаа явган хүний гарц дээр жижиг камер суурилуулах саналыг цагдаагийн байгууллагаас гаргаад байна.

Манай улсад жилд дунджаар 5000 гаруй зам тээврийн осол гарч, 13 тэрбум төгрөгийн эд материалын хохирол, 650-700 гаруй хүний амь нас хохирдог байна.