Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй 1133 яаралтай дуудлага иржээ. Үүний 102 нь галзуугийн эрсдэлд өртсөн, 1008 нь хачигт халдвар,  үлдсэн нь бэтэг, хумхаа, боом, тарваган тахлын хүний өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн байна. .

Галзуу өвчин нь өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгдэж төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж, үхэлд хүргэдэг зоонозын “А” зэрэглэлийн халдварт өвчин юм. Шууд хавьталын замаар буюу галзуу өвчний халдвар тээгч амьтанд хазуулах, уруулах, шүлстүүлэх зэрэг тохиолдолд хүнд халдварладаг байна. Дэлхий нийтэд галзуу өвчний халдварын ихэнх тохиолдол нь нохойд хазуулж, уруулснаас болсон байдаг гэнэ.

Галзуугаас сэргийлэхийн тулд,

  • Гэрийн тэжээмэл амьтад болох нохой муурыг вакцинд хамруулж хэвших
  • Малчид малаа жилдээ тогтмол вакцинжуулах
  • Нохойд хазуулах эрсдэлээс сэргийлэх, хазуулсан тохиолдолд шинжилгээ хийлгэх
  • Мал бүхий иргэд, малчид отор нүүдэлд явахдаа сэрэмжтэй байх, сэжигтэй тохиолдол илэрвэл цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй

Галзуугийн халдвар авсан тохиолдолд халуурах, хазуулсан эсвэл уруулсан шархны орчмоор чимчгэнэх зэрэг өвчний анхны шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн зөвхөн шинж тэмдэг илэрч байж халдвар авсан нь тогтоогддог байна.

Энэхүү өвчин нь дэлхийн дээр жил бүр 26,000-55,000 хүний нас баралтын шалтгаан болдог төдийгүй асар их эмчилгээ хийсний үр дүнд цөөн хүн л эдгэрдэг гэнэ.

Сануулахад, энэ сарын есний өдөр Дархан-Уул аймгийн Энхтал багийн малчны хоёр үхэрт галзуугийн шинж тэмдэг илэрч, устгалд оруулан тухайн бүсэд хөл хорио тогтоогоод байгаа юм.