Уг өдөр энэ сарын 21-нд тохиож байгаа ба тухайн өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулыг зарлах дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учир иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадвар эзэмшсэн байх нь чухал юм. Харин уг сургалт нь тухайн гамшгийн үед иргэдийн авах арга хэмжээ, гамшгийн эрсдэлд бэлэн байх зэрэгт сургах дадлагажуудах зорилготой байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан түгшүүрийн дохиог гурван удаа дамжуулснаар уг сургалт эхлэх юм. Тухайлбал, эхний түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, бат бөх зүйл доогуур орох, өндөр барилгаас холдож биеэ хамгаалах, тээврийн хэрэгсэлтэй тохиолдолд замаас гарч, машинаа унтраах арга хэмжээ авна.

Зураг: ОБЕГ

Дараагийн дохио дуугарахад хамт олноороо толгойгоо халхлан нэгийн цуваанд орж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа аюулгүй талбайд гарах юм. Ингэхдээ цахилгаан шат ашиглахгүй байх ёстой байна.

Зураг: ОБЕГ

Харин гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхойлж өгөх гэнэ.

Сануулахад, сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл нь хоёр дахин нэмэгдсэн гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Зураг: ОБЕГ