Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцлоо.    

Энэхүү дадлага сургуулилт долоо дахь жилдээ зохиогдож байгаа ба орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, хамрагдаж буй иргэд, ААН байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилготой юм.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн хоёр телевиз, 10 FM радиогоор дамжуулсан байна.

Сонирхуулбал, сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл нь хоёр дахин нэмэгдсэн гэдгийг судалгаагаар тогтоосон юм.

Мөн нийт газар нутгийн 55 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн идэвхжилттэй байгаа ба эдгээр бүсэд хүн амын 86 хувь нь амьдарч байна. Энэ он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсноос 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.