Засгийн газрын ээлжит хуралдаанаар үер усны гамшгаас үүдсэн хохирлыг арилгах, гамшгийн голомтод ажилласан албан хаагчдад томилолт, урамшууллын мөнгө олгохоор боллоо.

Тодруулбал, энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын албан хаагчдад томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Мөн Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчнийг арилгах, хорио цээрийн дэглэм тогтоож ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчдын томилолтын 470 сая төгрөгийг олгохоор болсон байна.

Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай, Архангай аймгийн зарим сумдад цахилгаан дамжуулах агаарын шугамын унасан юм. Түүнчлэн үерийн улмаас найман аймгийн нутаг дахь авто зам, замын байгууламж эвдэрчээ.

Эдгээрээс үүдсэн хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтжээ. Өнгөрсөн долоо хоногт үерийн улмаас 13 аймгийн нийт 116 км замыг засах 1.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн юм.

Дашрамд дурдахад, ОБЕГ-т эхний зургаан сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 1845 удаагийн аюулт үзэгдэл, гамшиг ослын дуудлага бүртгэгджээ. Үүнээс тус газрын албан хаагчид 181 иргэнийг авран хамгаалж, бэртэж гэмтсэн 11 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.