Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн соёлын өвийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дагуул хотуудыг байгуулах тал дээр хамтран ажиллах санал солилцсон байна. 

Тухайлбал, Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээх асуудлыг хэлэлцжээ. 

Мөн дээрх газруудын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах, ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах боломжтойг талууд дурджээ.

Энэхүү уулзалтын төгсгөлд дээрх асуудлын хүрээнд НЗДТГ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, саналыг боловсруулахаар болсон байна.

Дашрамд дурдахад, Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл нуур, Онон-Балжийн цогцолбор газарт эко аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор 38 сая долларын зээлийн санхүүжилтийг олгохоор болсон юм.