Хятадын Sinosteel компанийн төлөөлөл Эрдэнэс Монгол ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Эрдэнэс Монгол компаний Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр тус компанитай кокс, гангийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтойг дурджээ

Харин Sinosteel компани Монгол дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Эрдэнэс Стийл компанитай хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Эрдэнэс Стийл компаний байгуулах Кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг сайжруулахад хамтрах санал тавьжээ.

Sinosteel компаний зүгээс төмөр болон коксжих нүүрсний арвин нөөц дээр тулгуурлан манай улсад гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтойг дурдсан байна.

Хятад улс хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу бодлогынхоо хүрээнд гангийн жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Тиймээс хөрш зэргэлдээ болон бусад улсын гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа гэнэ.

Sinosteel компани нь төмрийн хүдэр болон никелийн хүдрийн чиглэлээр Хятадаас гадна Австрали, Камерун, Өмнөд Африк, Зимбабве, Индонез, Филиппин зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг байна.