Ганц суудалтай машин үйлдвэрлэдэг Канадын Электра Мекканика компани 10 сая долларын үнэт цаасыг олон нийтэд худалдахаар болжээ. Компаний хувьцаа өнөөдрөөс худалдаан гарч байгаа юм.

Тус компаний Соло гэх гурван дугуйтай ганцхан хүн тээвэрлэх зориулалттай цахилгаан машин нь 131 километр цаг хурдладаг бөгөөд дүүрэн цэнэгтэй байхад 160 километр газар туулдаг гэнэ.

Уг машин гурван дугуйтай учир ихэнхдээ машинд тооцогддоггүй бөгөөд жижигхэн, хөнгөн гэдгээрээ онцлог юм. Соло нь 3 метр урттай ба энэ нь хоёр хаалгатай Мини Купер машинаас 30 сантиметрээр богино гэсэн үг юм. Харин жингийн хувьд 499 килограмаар хөнгөн аж.

Соло машин шиг харагддагүй ч өөр зүйл шиг бас харагдаггүй гэдгээрээ олны анхаарлыг татдаг юм. Ганц суудалтай ч хоёр хаалгатай уг машины давуу тал нь жолооч аль ч талаар орж гарч болдог байна.

Электра Мекканикийн гүйцэтгэх захирал Жерри Кролл Солог “Тачаангуй” гэж тодорхойлоод “Жеймс Бонд Сологоос өөртөө итгэлтэйгээр гарч ирж байна гэж төсөөлөгдөж байна” гэжээ.

Тус компани ирэх жил худалдаанд гарах хоёр хаалгатай Тофино гэх машиныг үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Цагт 201 километр хурдтайгаар 402 километр зам туулах хүчин чадалтай уг машин 50 мянга орчим доллараар худалдаалагдах гэнэ.

Электра Мекканика компани 2015 онд Италийн автомашин үйлдвэрлэгч Интермекканика компаниас тусдаа гарсан байна.

Эх сурвалж: CNN