УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, 76.9 хувийн саналаар томиллоо. 

Д.Ганзориг нь 1995 оноос Зэвсэгт хүчний салбарт ажилласан ба цэргийн алба хаагчид тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдаж байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг УИХ-ын гишүүд зөвлөлөө. 

Өмнөх дарга А.Ганбат нь өнгөрсөн гуравдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон хэдий ч есдүгээр сарын 29-нд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Гэвч түүнийг төмөр зам барих ажлыг хангалтгүй удирдаж, муу үр дүн үзүүлсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдөх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзсэн хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Д.Ганзоригийн товч намтар: 

  • 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч
  • 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш
  • 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга
  • 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн
  • 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга
  • 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт
  • 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга
  • 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга