Нарантуул захын орчимд үйл ажиллагаа явуулдаг Хантайшир худалдааны төвд хаяг шошгын зөрчилтэй Хятад жимс, жимсгэнэ худалдаалж байна гэх иргэдийн гомдлын дагуу НМХГ-аас шалгалт хийлээ.

Шалгалтаар БЗД-ийн 11-р хороонд байрлах тус төвийн хоёр давхрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг иргэн Д импортлох зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй хатаасан жимс жимсгэнийг зөвшөөрөлгүйгээр худалдаалж байжээ.

Уг бүтээгдэхүүнүүд нь Монголд хэрэгждэг хаяг шошгийн мэдээлэлгүй, зарим нь шошгогүй байснаас гадна худалдаалж буй орчин нь шаардлага хангахгүй агуулгын зориулалттай, худалдагч нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг олон зөрчил илэрчээ.

Ялангуяа эдгээр хатаасан жимс жимсгэнэ нь хүүхдүүд ихээр авч идэх дуртай үрэл, резинэн чихэр, хатаасан чавга, алим зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байсан гэнэ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго Орос, Англи, Монгол хэлний аль нэгээр бичигдсэн байх, импортлогч байгууллага бүтээгдэхүүний мэдээлэл хаяг, шошгыг стикерээр нааж худалдаална гэж заажээ. Мөн бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэл, зөвшөөрөлтэй ААН оруулж ирэх хуультай байдаг.

Харин дээрх иргэний хувьд иймэрхүү маягаар худалдаа эрхлээд жил гаруй болж байгаа төдийгүй уг бүтээгдэхүүнийг хүргэлтээр авдаг байсан гэнэ. Гэвч тухайн эзэн холбогдогчоо хэлэхээс татгалзсан учир уг хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлэхээр боллоо.

Энэ мэт манай улсад Хятад, Солонгосын хаягдал барааг зөвшөөрөлгүйгээр оруулж ирж худалдаалж байгаа асуудал их байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд гэхэд Ханамара март гэх Солонгос бүтээгдэхүүний дэлгүүр хугацаа нь дуусаад 2, 3 жил болсон хүнсний бүтээгдэхүүнийг ресторан, хоолны газар нийлүүлж, худалдаалж байсныг иргэний мэдээллээр илрүүлсэн юм.