ЧД-ийн 19-р хороо, Тахилтын гудамжинд байрлах Ариун Монгол мах компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй бохир орчинд мах бэлтгэж байна гэх мэдээллийн дагуу МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар гарал үүслийн бичиггүй, бүртгэлгүй махыг А, В, С гэж ангилан агуулахад хадгалаж байсан ба экспортлох зорилготой байж болзошгүй албаныхан гэж үзлээ. Үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалсан байна. 

Мөн үйлдвэрийн байр гар угаах, ариутгах хэсэггүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байжээ. 

Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компаний холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар боллоо. 

Сануулбал, долдугаар сарын 16-нд гарал үүсэл тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй 240 кг сам хорхой, гахай, тахиа, загасны махыг хил нэвтрүүлэх гэж байсныг хилийн мэргэжлийн хяналтын албаныхан илрүүлсэн юм.