Амарч зугаалах баярын өдрүүдийг гашуудал, хагацал энэлэнгээр сольсон харамсалтай мэдээлэл наадмын дараах өдрүүдэд чих дэлсэнэ. Улсын баяр наадмын өдрүүдэд осол аваараар 27 хүн амь насаа алдсан тухай албаныхан мэдээлээд байна. Эдгээрээс усны ослоор 15 хүн, зам тээврийн ослоор 12 хүн хорвоогоос оджээ. 

Энэ бүх харамсалтай хэргүүд иргэдийн хэсэгхэн зуурын хайхрамжгүй, хэнэггүй байдлаас үүдсэн гэдгийг гарсан осол хэргийн шалтгаан нөхцөл харуулж байна. ТЦА-ны мэдээллээр дээрх зам тээврийн ослын 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт гарсан төдийгүй дийлэнх нь хурд хэтрүүлснээс үүджээ. 

Тухайлбал, энэ сарын 12-нд Хэнтий аймаг Чингис хотын ойролцоо 33 настай эмэгтэйн жолоодож явсан машин замын хажуу руу онхолдож, хоёр хүүхэд нэг том хүний амь насыг авч одсон юм.

Мөн энэ сарын 13-нд голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг нэгэн жолооч дайрч, дотор нь байсан зургаа болон долоон сартай хоёр хүүхэд нас барж, 11 хүртэлх насны хоёр хүүхэд, нэг том хүн гэмтсэн хэрэг гарав. Энэ мэтчилэн харамсалтай хэргүүдийн шил дарсан цуваа үргэлжилнэ. 

Зураг: ТЦА

Түүнчлэн гол усны дэргэд амарч зугаалахдаа үр хүүхдээ хараа хяналтгүй орхих, архидан согтуурсан үедээ гол усанд орсон зэргээс үүдэн 15 хүний хайран амь усанд үйж, ар гэртээ хагацал гашуудал тээжээ. 

Он гарсаар нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан харамсалтай тоо  баримт байна. Иргэдийн амралт зугаалга эд өрнөж буй энэ үед цаашид хэчнээн хүн анхаарал, хайхрамжгүй байдлаасаа үүдэн амь насаараа хохирох бол гэхээс айдас хүрнэ. 

Энэ мэтчилэн өөрийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс үүдэн өрөөл бусад, ойр дотны хүмүүс, үр хүүхдээ үхэл рүү илгээсэн аймшигт ослууд баяр наадмаар тасарсангүй. 

Хэдий амарч зугаалж, баярлаж цэнгэж болох ч үүрэг хариуцлага, өөрийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах нь иргэн бүрийн үүрэг. Гэвч гай зовлон үргэлж өөрийг нь тойрох мэт хайхрамжгүй зангаасаа болж ниргэсэн хойно нь хашгирсаар байх уу. 

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд гарах осол аваарыг бууруулах үүднээс хэрэгжүүлж буй Яараад яахав дээ аян үр дүнгээ өгч эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, аян хэрэгжээд сарын хугацаа өнгөрч буй ч осол аваарын тоо 50 хувиар, ослын улмаас нас барагсдын тоо 11 хувиар буурчээ. Гэвч хүн бүр үүрэг хариуцлагатай ухамсартай байсан бол ийм олон бяцхан үрс, иргэд амиа алдахгүй байв.

Согтуурсан үедээ машин жолоодож яваа нэгэн, юунд ч яараагүй атал үхэлтэй уралдах мэт хурдаа хэтрүүлж яваа жолооч, бяцхан үрээ хаана юу хийж байгааг ч үл анзаарах хариуцлагагүй эцэг эхийн ард олон хүний амь нас, амьдрал үргэлж уяатай явдгийг дахин дахин сануулахад илүүдэхгүй биз.