Хүчтэй аадар борооны улмаас Таван толгой-Гашуун Сухайт чиглэлийн зам эвдэрч, түр хаагаад байсан юм.  Улмаар Эрдэнэс Таван толгой, Энержи ресурс, орон нутгийн Таван толгойн 380 гаруй нүүрс тээврийн машин саатсан байна. Мөн нүүрсээ буулгаад уурхай руу явж буй 200 орчим машин түр зам ашиглалтад орохыг хүлээж байгаа юм.

Иймд нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд 122- 132 км замын ус, шалбаагийг тойруулж 10 км түр зам тавьж байна. Энэхүү зам нээгдсэнээр саатсан  машинууд 3-5 цагийн дотор нэвтрэх гэнэ.

Харин үндсэн замыг 14-21 хоногийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Учир нь  замын 3, 4-р хэсгийг бүрэн сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа юм.

Эрдэнэс Монгол компани долдугаар сарын 14-нд болсон үерийн улмаас гурван хэсэгт учирсан хохирлыг арилгахад 106 сая төгрөг зарцуулжээ. Харин энэ удаагийн засварт 488 сая төгрөгийг зарцуулж байгаа гэнэ.