Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор болжээ.

Мөн төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-д зөвшөөрсөн байна.

Энэхүү төмөр замын төсөлд 278 сая доллар зарцуулсан ч санхүүжилтгүйн улмаас 2015 оноос хойш зогссон байна. Одоогоор төмөр замыг барьж дуусгахад 790 сая доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэж албаныхан үзэж байгаа юм. Цаашлаад төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс, агаарын бохирдол буурна гэж тооцоолжээ.

Түүнчлэн Эрдэнэс Тавантолгой компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим доллараар буурч, авто замын тээврээс дөрөв дахин бага буюу 20-25 доллараар хямд зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх гэнэ.

Энэ онд багтаан “Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдыг судлан хэлэлцээр хийж, үр дүнг танилцуулахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шивээхүрэн–Сэхэ боомтын төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор төсөвт төвлөрөх татварын хэмжээ 800 тэрбумаар өснө гэсэн тооцоо гарсан байна.