Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл нь хоёр дахин нэмэгдсэн гэдгийг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн онд 2.5-аас дээш магнитуудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа болсны 21 нь суурин газруудад тохиолдсон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Гэтэл газар хөдлөлтөд тэсвэргүй, чанарын шаардлагагүй барилга улс даяар олон байгааг Мэргэжлийн хяналтын газар тогтоожээ. Тухайлбал, энэ оны байдлаар улсын хэмжээнд  нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц нийслэлд 349, орон нутагт 702 байна.

Эдгээрээс нийслэлд 234 барилгыг ашиглахыг хориглосноос 131-ийг дахин төлөвлөлтөд орох шаардлагатай гэж үзсэн ба 60 барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм. Үлдсэн барилгад хөрөнгө оруулах төсөл зарласан ч эдийн засгийн хямрал, бусад шалтгааны улмаас гүйцэтгэгчийн санал гарахгүй байгаа гэдгийг Эдийн засгийн  байнгын хорооны хурлаар мэдэгдсэн.

Мөн энэ үеэр барилгын чанарыг сайжруулах, ашиглалтад хүлээн авахаас өмнө сорил шинжилгээ хийх улсын лаборатори байгуулах зардлыг ирэх оноос эхлэн улсын төсөвт суулгах саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дэвшүүлсэн.

Энэ мэт барилгын чанарыг шалгадаг багаж тоног төхөөрөмжтэй, чадварлаг инженертэй хяналтын компани байх шаардлагатай байгааг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

Харамсалтай нь уг санал хэрэгжиж эхлэх нь тодорхой бус. Барилгын салбар эрх зүйн орчин дутмаг, хяналт зохицуулалтгүй явж ирсний балагаар чанаргүй барилга олширсон нь газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын тооноос харагдаж байна.

Хэрэв Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болвол торойж үлдэх чанартай барилга хэд байгаа бол...