Eрөнхий сайд У.Хүрэлсүх, "Засгийн газрын барьж буй гурван гол бодлогын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангаж, экспортод гаргах юм. Шинжлэх ухаанд тулгуурласан ХАА, газар тариаланг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцолсон юм.

Айлчлалын үеэр газар тариалангийн бүсийг тогтоох тухай асуудлыг голлон хэлэлцсэн байна. Тариалангийн бүсийг тогтоохын тулд малчидтай тохиролцож зөв менежмент хийх хэрэгтэй гэв.

Бэлчээрийн МАА-аас илүү эрчимжсэн МАА-г хөгжүүлж, тариалангийн бүс нутгийг тогтоох нь зөв гэж мэргэжилтнүүд үзжээ. Энэ нь улаан буудай, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнс экспортлох үндэс суурь болох юм байна.  

Мөн ХАА-н салбарын бодлого зохион байгуулалтыг эргэн харж, ХААИС-ийг газар тариалангийн бүс нутагт салбарлуулах шаардлагатай гэлээ. Эдгээр ажлыг хугацаа алдалгүй хийхийг салбарын сайд Д.Батзоригт үүрэг болгожээ.

Түүнчлэн газар тариалан эрхлэгчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаан буудай, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ хураах төлөвлөгөөтэй байгаа юм.