Манай улсын Хөгжлийн банк, Оросын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд Оросоос 21 төрлийн 196 ширхэг газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

Шинэ техник хүлээн авах ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Оросоос Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев нарын албаны хүмүүс оролцжээ.

Эдгээр төхөөрөмжөөс өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэргийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч ААН, иргэдэд жилийн 4.62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэйгөөр таван жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр олгох гэнэ.

Хамрагдах хүсэлтэй иргэд, ААН дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд,

  • Сүүлийн хоёроос доошгүй жил газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байх,
  • Урьдчилгаа төлбөртэй байх,
  • Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх,
  • Үндсэн түрээсийн хөтөлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх

Хэрэв дээрх шаардлагыг хангасан тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлж тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээгээр авна. Тодруулбал,

  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт,
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол
  • Тухайн ААН, иргэний талаарх харьяа орон нутгийн ЗДТГ-ын тодорхойлолт,
  • Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар,
  • ААН-ийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт,
  • Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь,
  • Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервес, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт,
  • Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартайг нотлох баримт зэргийг бүрдүүлнэ.

Манай улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний 60 жилийн ой 2019 онд тохиох юм. Үүний хүрээнд Засгийн газраас долоон аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон байна.

Энэ жилийн хаврын тариалалтын ажил тавдугаар сарын гурванаас эхэлсэн ба зургадугаар сарын 27-ны байдлаар 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ.