СБД-ийн есдүгээр хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 154 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр болж, газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ авлаа.

Арга хэмжээнд хотын даргын орлогч П.Баярхүү болон барилгын ажлыг гүйцэтгэгч Монтед констракшин компанийн удирдлагууд оролцлоо. Тус компани 2014 оноос эхлэн тус хорооны 4.8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцыг ашиглалтад оруулж, 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлжээ. Мөн энэ онд 140 айлын 15 давхар барилга барихаар төлөвлөсөн бөгөөд ажлаа дөрөвдүгээр сараас эхлүүлэх гэнэ.

Энэ мэт нийслэлийн 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа юм. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89.980 гаруй айл өрх орон сууцанд орох тооцоо гарчээ.

Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд одоогоор 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад оруулан 5001 айлын янданг буулгажээ. Үүнээс өнгөрсөн онд 2030 айлын орон сууц ашиглалтад орсон гэж П.Баярхүү хэллээ.

Сануулахад, дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын шаардлага хангаагүй барилга, орон сууцыг буулгаж, шинээр барих ажилд Хөгжлийн банк хамтран ажиллахаар болсон ба энэ хүрээнд 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм.