Нийслэлийн газрын албанаас нийтийн эзэмшлийн зам талбай дахь явган хүний гарц, зам хаасан, хөдөлгөөнд саад учруулсан зэрэг зөрчлийг арилгах үүднээс Туушин зочид буудал ХХК-д хугацаатай мэдэгдэл хүргүүллээ.

СБД-ийн наймдугаар хороонд орших тус зочид буудал гэрчилгээгээр олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай дахь явган хүний гарцыг таглаж, шат, машины орох гарц хийжээ.

Иймд энэ сарын 15-ны дотор гаргасан зөрчлөө арилгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн байна. Хэрэв заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлж, гарсан зардлыг тухайн байгууллагаас гаргах, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Тодруулж хэлэхэд, Тус буудал нь 1996 онд байгуулагдаж, 2014 онд шинэчлэгдсэн ба явган хүний зам хааж өргөтгөлийн ажил хийжээ. Үүнээс үүдэн иргэд замын зорчих хэсгээр эсвэл хэтрүүлэн барьсан машины гарцаар явдаг байна.