Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын энэ оны биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.  

Энэ оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 91.8 хувьтай байна. Харин 2020 оны таван бүлгийн 704 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, ирэх онд газрын төлбөрийн орлогоос 80.9 тэрбум, газрын дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ийнхүү хуралдааны төгсгөлд эдгээр асуудлыг нэгтгэж Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. 

Сонирхуулбал, нийслэлийн 2020 оны төсвийг 1.001.2 тэрбум, орлогыг 894.1 тэрбум, зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Ингэснээр нийслэлийн төсвөөс улсад 319.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм.