Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн орчмын 255 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. 

Өмнө нь 150 газрыг тусгай хэрэгцээнд авсан ба нийт 405 га газрыг газрын тосны үйлдвэрийн хэрэгцээнд авч байна. 

Энэ сарын найманд Энэтхэгийн газрын тосны сайд манай улсад айлчилж Алтанширээ суманд ажиллах ба энэ үеэр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Улсын комисс албан ёсоор хүлээж авах гэнэ.

Одоогоор төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд үйлдвэрийн хүнд тоног, төхөөрөмж зөөвөрлөх ажил ирэх оны гуравдугаар сараас эхлэх юм. Мөн техник, эдийн засгийн үндэслэл эцэслэсэн бөгөөд 11 сард албан ёсоор батална гэж Ц.Ганзориг хэллээ.

Газрын тосны үйлдвэр байгуулагдснаар жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ба нийт 600-700 ажлын байр шинээр бий болж, долларын гадагшлах урсгал жилд 20-30 хувиар буурах юм. 

Мөн иргэд дотоодоос шатахуун худалдаж, улс, орон нутгийн орлого нэмэгдснээр жилд 150 сая доллар төсвийн орлого болно гэж тооцоолжээ.

Түүнчлэн үйлдвэрийн ажилчдын хэрэгцээнд зориулан 550 айлын орон сууцны бүтээн байгуулалт хийгдэж байгаа ба үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.