Энэтхэг улсаас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мохиндер Пратап Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцлаа.

Тэрээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн “богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэлээ.  

Энэ үеэр элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д  сургах, Энэтхэгт мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр тохиролцсон байна.

Төмөр замын ажил өнгөрсөн сард бүрэн дууссан бол замын ажил 80 орчим хувьтай байгаа ба есдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долдугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэн өгнө.

Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа ба ААН-үүд бетон зуурмаг, цемент, хайрга зэрэг материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж байгаа гэнэ.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум долларын импортыг орлоно гэж албаныхан тооцоолсон юм. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалт наймдугаар сараас эхлэх бөгөөд хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэнэ.