Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил дуусаж, хүлээн авах ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан нарын албаныхан оролцлоо. 

Ингэснээр барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байгаа ба газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орох юм. Гаднах дэд бүтцэд 27 км төмөр зам, 17.2 км авто зам, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг багтжээ. Одоогоор газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна.

Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн тос боловсруулах ба валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна гэж тооцоолжээ. Мөн ДНБ 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая доллараар өсөж, 600 гаруй ажлын байр шинээр бий болох юм. 

Тус үйлдвэрийг Энэтхэгийн засгийн газрын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа ба ерөнхий сайд Наренда Моди 2015 онд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.