Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэр буюу Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү түүхий нефтийн найдвартай хангамж бий болгох чиглэлээр уулзалт хийх, дамжуулах хоолойн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, төслийн менежментийн зөвлөх болон гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг холбогдох хүмүүст даалгасан байна.

Сонирхуулбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35 хувь, авто болон төмөр замын 3.7 км холбоос гүүр 50 хувь, төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна.

Уг үйлдвэрийг Энэтхэгийн нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа ба санхүүжилтийн өртгөө эхний 10 жилд бүрэн нөхнө гэж тооцоолж байгаа юм.