Засгийн газрын хуралдаанаар Монгол, Энэтхэгийн Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая доллар шаардлагатай гэсэн тооцоог Энэтхэгийн Инженерс Индиа Лимитед компани гаргасан байна. Нэмэлт санхүүжилтийг Экспорт-Импортын банк олгох ба зээл 20 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй юм. Мөн таван жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байна. 

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвлөхөөр Инженерс Индиа Лимитед компани ажиллаж байгаа юм. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг нэг тэрбум долларын зээлээр барихаар төлөвлөсөн ч Инженерс Индиа Лимитед компаний боловсруулсан ТЭЗҮ-ээр хөрөнгө оруулалтын зардал нийт нэг тэрбум 236 сая доллар байхаар тооцоолжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 2020 онд эхэлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.