Хууль бус найманд холбогдсон дипломатуудын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тодруулбал, Польшийн хуулийн байгууллагаас 69 иргэн байгаа ба зарим дипломат төлөөлөгчийн албанд, төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшний хүмүүс байгаа гэлээ. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зүгээс гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан байна. Одоогийн байдлаар  69 хүний зургааг үүрэгт ажлаас нь чөлөөлж нэрсийг нь зарлалаа.  

Тухайлбал, Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон Х.Даваадорж юм. Түүнийг 2009 оноос хойш эрэн сурвалжилж байгаа ч удаа дараа элчин сайдаар томилогдсон байна. 

Х.Даваадорж нь Бельги улс дахь элчин сайдын яам, Европын холбоо, НАТО, Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Х.Даваадоржийн гэргий Б.Болорыг мөн хууль бус наймааны хэргээр Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Б.Болор нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн эгч юм. 

Түүнчлэн А.Батсайхан нь Лаос улсын элчин сайд яамны зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Тэрээр 2003-2007 онд Польшид суугаа Монголын элчин сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байх үедээ Оросоос их хэмжээний янжуур тамхийг хууль бусаар Европын холбооны орнууд руу дипломат дугаартай автомашин ашиглан тээвэрлэжээ. 

Д.Мөнх-Эрдэнэ Хятадын хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм. Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат эрхээ урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон байна. 

Б.Баттүшиг нь Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаалаас чөлөөлөгджээ. Тэрээр их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад Германд баривчлагдан шалгагдаж байгаа юм. 

С.Эрдэнэ Хонг Конгт суух ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгджээ. Тэрээр Вена дахь элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан юм.