Гэр бүлийн амьдралд юу чухал вэ? Ажил албан тушаал, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, найз нөхөд, хамаатан садан уу, гэх мэт урт дараалал гарч мэдэх юм.

Ухаалаг сонголт
Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг эх, сайн хань гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьдаг байна. Энэ нь дээр дурдагдсан бусад зүйлүүд хань, үр хүүхдийн дараа эрэмбэлэгдэнэ гэсэн үг.

Баталгаа

Хүн бүр өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж боддог. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултдаа баталгаа өгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаанаас үүсэхэд зугтааж одох уу эсвэл гэр бүлийнхээ төлөө зогсох уу? Альберт Эйнштейн "Асуудлын дунд түүнийг шийдэх гарц нь оршдог" гэж хэлснийг санаарай.  Асуудлыг олон өнцгөөс харах нь шийдлийн гарцыг нээдэг байна.

Зураг: GoGo News

Гал халуун бүл
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ?
-Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь Засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард олон...
Удалгүй амралтад явсан ээждээ Вовка захиа бичив. Захианд, "Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо.

Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэд заавал удирдлага буюу хариуцлага хүлээгч байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг юм. Тиймээс та үнэхээр гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг бол өөрийнхөө үүрэг ролийг бүү умартаарай. Та гал халуун гэр бүл бий болгохын тулд ажлаа сайн хийх хэрэгтэй.

Зураг: Sugar

Хүндлэл
Ямарваа асуудал үүсэхэд бие биенээ харилцан хүндэтгэх энх тайванч замаар нээлттэй харьцах хэрэгтэй. Заримдаа асуудалд хэт туйлшрах, дүр эсгэх байдлаар эсвэл огцом ширүүн хандах нь гэр бүлийн харьцааг улам муутгадаг. Гол нь гэр бүлийн аливаа асуудалд чин сэтгэлээр хандах хэрэгтэй.

Утга учир
Хэн нь мундаг, хэн нь сайхан, намхан, залуу, их мөнгө олдог гэх зэрэг категориос татгалз. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд утга учир байдаг. Хэн нэгнийхээ алдааг уучилж, заримдаа буулт хийж сурах шаардлагатай. Нэгэнт төгс төгөлдөр бус тул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг, нэгнээ нөхдөг байх хэрэгтэй. Мөн гэр бүлд "дүрэм журам" оршин тогтнодог. Харин тэр нь утга учиртай, ухаалаг байх шаардлагатай. Та гэр бүлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ? Эргэцүүлж нэг үзээрэй.

Зураг: CAAK NEWS


Өршөөл уучлал
Уучилж өршөөх нь хүсэхэд хамгийн амар, өгөхөд хамгийн хэцүү эд. "Чи ҮРГЭЛЖ оройтдог" эсвэл "Чи ХЭЗЭЭ ч сонсдоггүй", "ДАНДАА л залхуурч байх юм" гэх мэт илэрхийлэл зарим талаараа уучлал өршөөлийн эсрэг талд зогсож байдаг. ХЭЗЭЭД, ДАНДАА, ҮРГЭЛЖ гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд өнгөрсөн алдаа болгоныг эргэж сануулдаг сул талтай. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохгүй.