Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Өмгөөлөгчдийн холбоо нэгдэн хамтран Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхээр боллоо.

Хөдөлгөөнөөр олон нийтийг хүчирхийллийн эсрэг уриалах, эерэг хандлагыг бий болгох юм байна. Мөн ухамсартай иргэнийг төлөвшүүлэхийн тулд нийгмийн бүх давхарга, нас бүлэг тус бүрд хандсан шат дараалсан хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөжээ.

Үүнд охид, эмэгтэйчүүдийг эрхээ хамгаалах, хүчирхийлэлтэй тэмцэх арга зүй, мэдээ мэдээллээр хангагдахад дэмжиж ажиллах, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг холбогдох эрх зүйн баримтуудыг боловсронгуй болгох, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг тусгахын төлөө ажиллаж байгаа талаар МЭХ-оос мэдэгдлээ.

Статистик мэдээллээс үзэхэд манай улсын хүн амын тал хувь эмэгтэйчүүд байдаг төдийгүй үүнээс 78 мянга гаруй эмэгтэй өрх толгойлон амьдардаг бол улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин 37 мянган хүүхэд байдаг гэнэ.

Хүүхэд өнчирч, эмэгтэйчүүд өрх толгойлох нэг шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд 15 мянган гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12 мянга нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон гэнэ.

Үүний балгаар 19 мянган хүүхэд аав ээжийн бүтэн хайранд өсөхгүй хохирч, гэр бүлээ хуурч мэхлэн, харилцаандаа сэв суулгаснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл үүсдэг байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийллийг нуудаг бол 14 хувь тэвчдэггүй хэн нэгэнд хэлдэг гэх судалгаа байгааг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэллээ.

Харин энэ бүхний цаана нуугдаж буй хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэж бусдын болоод өөрсдийн сайн сайхны төлөө далд бугшмал буй хүчирхийллийг мэдээлэх зэргээр уг хөдөлгөөнд нэгдэж, хүчирхийллийг хүчгүйдүүлцгээе хэмээн уриаллаа.