Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат утааны эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй, хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газраас утааг бууруулахад түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, гэр хороололд цахилгаан халаагуур хэрэглэх, шахмал түлш нийлүүлэх ажлыг богино хугацааны бодлогын чиглэл болгон ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд гэр хорооллыг цахилгаан халаагуур хэрэглэх эрчим хүчний эх үүсвэр, халаагуурын зээлийн эх үүсвэрийг шийдэхээр хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын хэд хэдэн газар эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж гэр хорооллын 40 мянган өрх цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлжээ.

Эдгээр бүсэд утаа их гаргадаг Таван шараас Дэнжийн 1000, Долоон буудал, Баянхошууны зарим хэсэг, 1, 3, 4-р хороолол болон Сансарын арын гэр хороолол багтаж байгаа гэнэ. Дээрх 40 мянган айл бүгд цахилгаан халаагуур хэрэглэвэл утааг 50 хувь хүртэл бууруулах боломжтойг Ц.Даваасүрэн сайд хэллээ.

Мөн гадны компаниудын хэд хэдэн цахилгаан халаагуурыг туршиж байгаагаас Солонгост үйлдвэрлэсэн нэг халаагуур амжилттай туршигдаж байгаа гэнэ. Уг халаагуур нь дээрээ тогоотой, хоол унд хийж болдог бөгөөд энэ нь гэр хорооллын айл өрхүүдэд илүү тохиромжтой гэнэ. Хэрэв уг халаагуурыг амжилттай туршиж, тохирно гэж үзвэл иргэдэд хөнгөлөлттэй олгох асуудлыг УИХ-аар шийдэх юм байна.

Гэхдээ цахилгаан халаагуур хэрэглэхэд зарим айл өрхийн цахилгааны утас тохиромжгүй, олон салаалж авсан, гэрийн дулаалга муу зэрэг иргэдээс шалтгаалах нөхцөл байдал хүндрэл учруулж байгааг албаныхан хэллээ.

Үүнээс гадна иргэдэд дулааны алдагдал бууруулах, цахилгаан халаагуур авах, стандартын шаардлага хангасан амины орон сууц барихад орлогоос хамааруулаад 3-120 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй багц зээл олгохоор банкнуудын холбоотой ярилцаж байгаа гэж БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат ярилаа.

Уг зээлийг банкууд санхүүжүүлэн иргэдэд олгож, хүүгийн хөнгөлөлтөд нь олон улсын санхүүгийн байгууллага дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ба удахгүй чуулганаар оруулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Түүнчлэн ирэх онд эрчим хүчний салбарт Эрдэнэтэд 40 Мвт, Чойлбалсан 50 Мвт-ын цахилгаан станц баригдахаас гадна, Амгалан дулааны станцыг өргөтгөж 50 Мвт-ын цахилгаан үйлдвэрлдэг болгох, ТЭЦ III-г 75 Мвт-р өргөтгөх, ТЭЦ-IV-т шинэчлэл зэрэг ажлууд бүрэн хийгдэх гэнэ.