Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд шинээр есөн цэцэрлэгт хүрээлэн барихаар тусгажээ. Эхний цэцэрлэгт хүрээлэнг СХД-ийн 22-р хорооны 122-р сургуулийн дэргэдэх Цагдаа толгой орчимд байгуулах гэнэ.

Цэцэрлэгт хүрээлэнг тус толгойг тойрсон дөрвөн га газар барих төдийгүй сагс, хөлбөмбөгийн талбай, дугуйн болон гүйлтийн зам, машины 1000 зогсоол зэргийг хийхээр зураг төсөлд тусгажээ.

Мөн ногоон байгууламж бүхий зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулж тохижуулах юм.

Цэцэрлэгт хүрээлэн барихад шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгаж, тухайн ондоо багтаан барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг албаныхан хэллээ.

Мөн үүнээс 500 сая төгрөгийг тухайн орчны дэд бүтэц, зам талбайг засахад зарцуулах гэнэ. СХД-ийн 22-р хорооны орчин нөхцөл муу хэдий ч өнгөрсөн оноос айл өрхүүдийг бүрэн цахилгаанд холбож дууссан байна.

Иймд энэхүү цэцэрлэгт хүрээлэн баригдсанаар тус хорооны олон нийт, хүүхэд залуусын амарч зугаалах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.