Гэр хороололд амьдарч буй иргэд сууц, байшингаа хангалттай хэмжээнд дулаалж чаддаггүйгээс дулаан алдагдал ихээр үүсэж, түүнийг дагасан галлагаа нэмэгддэг байна. Энэ нь эргээд утааг ихэсгэх эх үүсвэр болдог.

Иймд СХД-ийн удирдлагууд санаачлан нийслэлийн гэр хороололд дулааны алдагдал багатай хувийн орон сууц барихад зөвлөгөө, дэмжлэг өгөх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх төслийг  хэрэгжүүлэх үүднээс ЖЭРЭС олон улсын ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

СХД-ийн хувьд иргэдийнх нь 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд дээрх хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 31 гэсэн долоон хорооны 1000 орчим айл өрхийн дунд судалгаа хийж, гэр, байшингаа зөв дулаалах, дулаан алдагдлыг хэрхэн бууруулах талаар сургалт хийж, зөвлөгөө өгөхөөр болжээ.

Дашрамд дурдахад, нийслэлд 220 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч буй бөгөөд хүйтний улиралд эдгээр айл өрхийн яндангаас гарч буй утаа Улаанбаатарын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэдэг байна.

Зураг: СХД