Нийслэлийн орон сууцны корпораци компаниас Газрыг орон сууцаар солих төслийн  талаар мэдээлэл хийлээ. 

Гэр хорооллын 1216 га газрын 20477 нэгж талбайд амьдарч буй иргэд уг төсөлд хамрагдах боломжтой юм.

Төслийн хүрээнд хамгийн багадаа дөрвөн га талбайд чөлөөлөлт хийх шаардлагатай ба орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоол байгуулна.

Дөрвөн га газарт дунджаар 90-100 иргэний өмч байгаа бөгөөд тухайн газрын иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм.

Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа ба энэ тохиолдолд үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд найм хүртэлх хувийн хүүтэй зээлд хамрагдан төлөх боломжтой гэнэ. 

Мөн тухайн газар нь орон сууцны үнээс давсан тохиолдолд иргэнтэй гэрээ хийж 1-2 жилийн хугацаанд зөрүүг НОСК-аас төлөх бөгөөд газраа чөлөөлсөн иргэд Буянт-Ухаа-2 хорооллын ашиглалтад орсон орон сууцанд нүүх юм.

Гэр хорооллын газрыг орон сууцаар солих байршлууд:

  • Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
  • Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв,
  • Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв,
  • Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
  • Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв,
  • Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол,
  • Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан ,
  • Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол,
  • Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим,
  • Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,
  • Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.