Сүүлийн арван жил үе үеийн Засгийн газраас нийслэлийн утааг бууруулах хүрээнд сүрдмээр нэртэй олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч хангалттай үр дүнд хүрэлгүй өдийг хүрлээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд нийт 557 тэрбум төгрөгийг зарцуулсан ч утаа гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Улмаар У.Хүрэлсүхийн засгийн газар түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш хэрэглэхийг даалгасан. 

Гэвч энэ хугацаанд зуух, яндан, түлшинд санаа тавихын оронд гэр хорооллыг инженерийн шугам, сүлжээнд холбох асуудлыг яагаад чухал гэж үзсэнгүй вэ? Магадгүй салхинд хийссэн 557 тэрбум төгрөгөөр гэр хорооллыг инженерийн шугамд холбох ажлыг хэрэгжүүлсэн бол утаа гамшгийн хэмжээнд хүрэхгүй байж болох байлаа.

Гэр хорооллын 220 мянган өрх бүгд орон сууцанд амьдрах бодолгүй ч паартай байшин, паалантай жорлон хүснэ. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн дунд гэр хорооллыг төвийн шугамд холбох ажил хавчуулагдаагүй нь эрчим хүчний нөөц, станцын хүчин чадалтай холбоотой гэх тайлбарыг Хот байгуулалт хөгжлийн газраас өгсөн юм. 

Харин энэ жилээс буюу утаатай 10 жил тэмцэж, 557 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсний эцэст гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийн сүлжээ байгуулах ТЭЗҮ-г боловсруулж байна. 

Уг нь утаагүй зуух, шахмал түлш гэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийнхээ хажуугаар гэр хороололд төвийн шугамыг нь ойртуулаад өгсөн бол иргэд шахмал түлш түлэх үү, дулаанаа татаад шалнаасаа халж, цэвэршүүлсэн ус хэрэглэх үү гэдгээ сонгох байлаа. 

Гишүүд, сайд нарыг тойрогтоо ажиллах үеэр төвийн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлж, хашаандаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг иргэд хамгийн их хүсэмжилдэг.  Гэтэл шугам сүлжээнд холбох ажил одоо л ТЭЗҮ-г боловсруулах шатандаа яваа нь үе үеийн Засгийн газар ямар хариуцлагагүй, бодлогогүй байсныг харуулж байна. 

Давтан хэлэхэд үе үеийн Засгийн газрын утааг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь түлш, зуух. Гэтэл зуух ч, түлш ч утаа гаргана. 

Үүгээрээ бид нэгэнт хэрэгжиж эхэлсэн төсөл, хөтөлбөрийг үгүйсгэж, зогсоохыг уриалсангүй, харин иргэдэд олгох хоёр дахь сонголтыг эрэлхийллээ. Эцсийн цэгт дээд, доод хэн бүхний хүсэл нь цэвэр агаараар амьсгалах. Энэ дашрамд төр засаг утааны эсрэг хэрэгжүүлж буй ажил бүртээ иргэдийн эрүүл мэнд, амь насаар бооцоо тавьдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.