Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар руу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэн оруулж ирэх тохиолдлууд их гарах болжээ.

Тухайлбал, өнөөдөр цагдаагийн албан хаагчид орон нутаг болон нийслэл рүү орох замуудад шалгалт хийж, гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй 12 тонн мах тээвэрлэж байсныг илрүүллээ. Үүнээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн албан хаагчид Сар шинэ-2019 арга хэмжээг эхлүүлж албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин замын хөдөлгөөний болоод худалдаа үйлчилгээнд тавих хяналтаа өндөржүүлсэн юм. Энэ хүрээнд Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг ХУД-ийн алслагдсан бүх цэгүүдэд шалгалт явуулжээ.

Анхааруулбал, Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрсэн байна. Энэ хүрээнд аймаг орон нутаг руу гахай болон гахайн махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, худалдаалахыг хориглож, зэрлэг гахай бүхий бүс нутагт нарийвчлан тандалт явуулахаар болсон байна.